Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой

Хот төлөвлөлт гээд ярихаар ямар ч дарга, мэргэжилтэн дараах хэдэн хүчин зүйлийг ярьдгийг анзаарна. Газар, барилга, зам, дэд бүтэц, гэр хороолол, сургууль цэцэрлэг, эмнэлэг, хүн ам, мөнгө гээд “объектив”зүйлс, цаашлаад төлөвлөгөө, тогтолцоо, удирдлага, хууль, менежмент, ажлын байр гээд субъектив хүчин зүйлсээр хотыг тодорхойлон төлөвлөж иржээ. Энэ дунд ХҮН хэмээх хамгийн гол зүйлийг мартсан. Аливаа асуудлын шийдлийг гаргахдаа гол төвд хүнийг тавьж чаддаггүй нь бидний, магадгүй монгол төрийн хамгийн том алдаа.Энэ ч үүднээс төлөвлөлт өөрчлөдөг дур мэдэн барилга барьдаг хууль зөрчсөн үйлдлүүд гарсаар байгаа юм. Бид энэ удаад газрын зориулалтаа өөрчлөсөн орон сууцны барилга тойрсон асуудлаар ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагайгаас зарим асуултанд хариулт авлаа 

-Та сүүлийн 4 жилийн хугацаанд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллахдаа “Хотын ерөнхий төлөвлөгөө алдагдсан тухай” асуудал дээр хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж, газар олголттой холботой “Сонсгол хийе” гэдэг саналыг гаргаж байсан. Өнөөгийн нөхцөл байдал дээр харахад 2040 он хүртэл Орхон аймгийн Ерөнхий төлөвлөгөө зураг нь гарах гээд явж байх шиг байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас 1 тэрбум 300 сая төгрөгийн өртөгтэй байхаар уг төлөвлөгөөг баталж өгч байх шиг байна. Гэтэл энэ процесс явагдахаас өмнө гарсан алдаа энэ хотод олон байна. Алдааг буцаах боломжгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, Очир төвийн урд баригдаж байгаа огт зөвшөөрөлгүй, орон сууцны 9 давхар барилга ч үүнд хамаарч байна. Та энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Барилгын газрын анх ямар зориулалтаар олгосон нь тодорхой байна. Ингэхдээ үйлчилгээний зориулалтаар олгосон газрыг одоо орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн хэрнээ ямар нэг шийдвэр гараагүй байхад барилгын ажлыг эхлүүлсэн байгаа юм. Албан ёсны эрх бүхий байгууллагын хуулийн шийдвэр гарах ёстой. Гэтэл огт шийдвэргүйгээр барилга нь баригдаад байна. Манай төрийн байгууллагын зүгээс ч энэ асуудалд хойрго хандсан, эсвэл тухайн барилгыг барих үйл явцад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй харагдаж байгаа юм. Өнөөдөр асуудлыг тавиа, Засгийн газрын 11-11 төв, аймгийн ЗДТГ-ын 35-11 төвд мэдэгдэхэээр “Та Засаг даргад бичгээр санал оруулаач” гээд байна. Уг нь мэргэжлийн хүмүүс нь төслөө боловсруулаад, саналаа тавих ёстой.

-“Уурхайчин” багийн нутаг дэвсгэр дээр газрын зориулалт өөрчилсөн барилга баригдаж байгаа учраас та асуудал дэвшүүлж байна гэж ойлгож болох уу ?

-Зөвхөн “Уурхайчин” багийн нутаг дэвсгэр байгаа нэг асуудал биш юм. Энэ бол жишээ. Хувийн орон сууцны барилга буюу хаус барих зориулалттай газар аваад, түүн дээрээ орон сууц барьж байгаа хэд хэдэн тохиолдол байна. Энэ тухай мэдээлэл ч ирж байна. Нэгдсэн эмнэлгийн ард “Меатл таун” орон сууцны хажууд ийм төрлийн барилга баригдаж байх жишээтэй. Энэ байдлыг бид өөгшүүлээд байгаа юм. Хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүс хөрөнгөө гаргаад барилга барьж байгааг бид буруутгахгүй. Энэ бол бизнесийн зарчмаараа яваа хэрэг. Энд холбогдох зөвшөөрлөө ном журмын дагуу аваад явж байгаа бол ямар ч асуудал байхгүй. Гэтэл хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтанд нөлөөлөх замаар өөрийн эрх ашгийг хангах, ингэхдээ нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой. Би уг барилгыг захиалга аваад эхэлснийг харж байгаа. Ажлын өдрүүдэд мэргэжлийн байгууллагын хүмүүс яваад очихоор ажлаа зогсоочихдог, эсрэгээрээ амралтын өдрүүдээр, оройн цагаар ажиллаад байдаг. Бид зургаар, бичлэгээр баримтжуулж, холбогдох байгууллагад нь өгнө. Ингэхдээ дан ганц орон нутгийн байгууллага бус Авилгатай тэмцэх газар, Тагнуулын байгууллагад өгч шалгуулна. Нэг талаас үүнийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж байгаа.

-Уг барилгыг онцлоод байгаагийн учир шалтгааныг тодруулмаар байна?

-Та байшин барина гээд газар авчихаад 10 давхар орон сууц бариад эхлэхээр нийтийн эзэмшлийн талбайтай болчихож байгаа юм. Асар өндөр ачаалалтай 1001 замын дагууд учир эсрэдлтэй бүс гэдэг нь харагдаж байна. Маш олон тооны иргэн амьдарна гээд төлөвлөчихөөр замын түгжрэл бий болно. Эдгээр зүйлийг нь бид нүдээ аниад өнгөрөөлөө гэж бодоход Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хуулийг давж гишгээд байна. Энд хууль ижил тэгш мөрдөгдөх ёстой болохоос хувь хүн засагладаг байж болохгүй биз дээ.

-Ямар захирамжаар газрыг олгосон юм бэ?

-Энэ тухай дэлгэрэнгүй бөгөөд баттай мэдээллийг Хуулийн хэлтсээс авах нь зүйтэй байх. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох хүмүүс “Хуулийн хэлтэст бүх материалыг хүргүүлсэн, та шаардлагатай материалаа тэндээс авч, дараагийн байгууллагад хандаарай” гэдгээ илэрхийлсэн.

-Энэ газар дээр ийм зориулалттай барилга барьж болохгүй гэсэн сануулгыг тухайн компанид хүргүүлсэн юм болов уу?

-Аймгийн ГХБХБГ-аас өгч байгаа тайлбарт, “Энэ барилгыг бариулж болохгүй” гэдэг шаардлагыг удаа дараа албан бичгээр өгч, тухайн барилга барьж байгаа хүмүүст хүргүүлсэн гэдгээ хэлж байгаа юм. Миний бодлоор “Хэт өөгшүүлж байна” гэж үзсэн. Энэ барилга нэг сарын дотор 8 давхар болж, маш хурдан баригдсан. Техникийн ямар ч зөвшөөрөлгүй байхад барилгын ажил эхлэв, зөвшөөрөл олгоогүй байхад ус, эрчим хүч, бусад хэрэглээгээр хангав гэдэг нь цаанаа маш том ашиг сонирхлыг зөрчилтэй харагдаж байгаа учраас би хардах эрхийнхээ хүрээнд “Хардаж байна”. Хардах эрхийнхээ дагуу хуулийн байгууллагад шалгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.